МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО ТББ-тэй уулзалтыг хийлээ.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитртай Монголын Үндэсний Бөхийн Холбоо ТББ нь 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдөр 13 дугаар "Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж"-ийг байгуулсан билээ.
 
Уг харилцан ойлголцлоор бие даасан байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, Монгол улсад зохион байгуулагдаж байгаа уралдаан, тэмцээн, спортын арга хэмжээний үеэр гарсан маргааныг хөндлөнгийн, бие даасан Спортын арбитрын байгууллагаар шийдвэрлүүлэх, хамтдаа хөгжүүлэх зорилгыг талууд хүлээсэн байдаг.
 
Энэ хүрээнд 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, Давж заалдах комиссын гишүүн Х.Бакытжан, Нарийн бичгийн дарга А.Доржсүрэн нарын төлөөлөл МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав болон Тэргүүлэгч гишүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хоёр байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж байгаа ажлууд, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-тай хамтарч ажиллаж байгаа мэдээллүүдийн талаар дэлгэрэнгүйгээр ярилцлаа.
 
Уулзалтаар талууд харилцан мэдээлэл солилцож үндэсний бөхийн тамирчид допингийн болон бусад зөрчлүүдэд холбогдох эрсдэлийг багасгах, шаардлагатай сургалт, судалгаа, мэдээлэл зөвлөгөөг үзүүлэх, ингэснээр цаашид гарах эрсдэлийг багасгаж, тамирчдын эрхийг хамгаалах талаар мөн санал солилцлоо.
 
Спортын салбарын оролцогч нарийн өргөн хүрээтэй уулзалтыг хийх, түүнийг тогтмолжуулах, шаардлагатай байгаа хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргах талаар судлахаар талууд санал нэгдлээ.
 
ШУДАРГА СПОРТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

НИЙТЭЛСЭН: 2024-02-02 14:14:24