Олон Улсын болон Үндэсниий Спортын Арбитрын танилцуулга
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТР
Дэлхийн түвшинд Олон Улсын Спортын арбитрын шүүх /Court of Arbitraition for Sport/-ийн байгууллага нь спорт болон допингтой холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, тэдгээрийн шийдвэрийг дэлхийн бусад улс орнуудад хүндэтгэн биелүүлдэг ёс жаяг хэдийнээ хэвшин тогтжээ.
Монгол Улсад төрөлжсөн, байнгын ажиллагаатай Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Арбитрын тухай хуулийн 2.1, 2.2, 7.3, 8.1 дүгээр зүйл, Биеийн тамир, спортын тухай хуулийн 27.2 дугаар зүйл, Олимпын хартийн 61.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Олон улсын ба үндэсний Спортын арбитрын холбооны дэргэд үүсгэн байгуулсан.
Олон Улсын Олимпын Хороо (IOC)-оос 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Монгол улсад спортын хэрэг, маргаанийг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах байгууллагаар…”, Олон улсын Спортын арбитрын шүүх (CAS)-ээс 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Танай улсад гарч буй спорттой холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэх чадвартай үндэсний спортын арбитр байгуулах Монгол Улсын санаачлагыг CAS дэмжиж байна. Танай байгууллага спортын арбитрын тухай хууль болон дүрмийг дагаж мөрдөхийг зорьж байгааг бид хүлээн авлаа” хэмээн мэдэгдсэн болно.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Талууд гэрээнд маргааныг арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус бусад спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ” гэсэн зохицуулалт шинээр тусгагдсанаар спорттой холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн томоохон дэвшил болсон юм.
Монгол Улс “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Олон улсын конвенц”-д 2007 онд нэгдэн орсны дагуу Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр “Допингийн эсрэг үндэсний дүрэм” баталсан болно.
Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Засгийн газар бүр арбитрыг хүний болон Үндсэн хуулиар заасан эрх, үндэсний холбогдох хууль тогтоомжийн дагуу допингтой холбоотой маргааныг шийдвэрлэх хамгийн зөв арга зам хэмээн хүндэтгэн үзнэ” гэж заасны дагуу Монгол улсад допингтой холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаар Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрыг нэрлэн зааж хүлээн зөвшөөрсөн.
Допингийн хэрэг, маргааныг олон улсын стандартад нийцсэн процедурын дагуу явуулахаар долоон хүний бүрэлдэхүүнтэй допингийн Давж заалдах комиссыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулан ажиллаж байна.
Допингийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах “Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аар хянуулж, зөвшөөрөгдөн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр нь допингийн Давж заалдах комисс, Эвлэрүүлэн зуучлах төв, Ажлын алба гэсэн бүтэцтэйгээр спортын арбитрч 32, гадаад улсын арбитрч 2, допингийн Давж заалдах комисс 7, Эвлэрүүлэн зуучлагч 3 хүн нийт 47 хүний бүрэлдэхүүнтэй байнгын үйл ажиллагаа явуулж байна.
|