ЭМГЭНЭЛ
БААСАНГИЙН ЦОГНЯМ /1953-2020/
Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн Хиад овогт Баасангийн Цогням нь 2020 оны 02 сарын 06-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн бидэнд хүнд гарз учирлаа. Б.Цогням нь 1953 онд Улаанбаатар хотод мэндэлж 1960-1967 онд Улаанбаатар хотын 5 дугаар дунд сургууль, 1967-1970 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1971 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын харьяа сэргийлэгчийн курс, 1973-1976 онд Хууль цаазын дунд сургууль, 1980-1986 онд ЗХУ-ын Иркутск хотын Хуулийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсч, 1998 онд Цэргийн их сургуульд Хууль зүйн ухааны магистр зэрэг хамгаалсан. Б.Цогням нь 1970-1971 онд Сэлэнгэ аймгийн Гал командад гал сөнөөгчөөр, 1971-1973 онд Дархан хотын Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1976-1980 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Ардын шүүхийн дарга, 1986-2005 онд Улсын дээд шүүхийн шүүгч, 2005-2007 онд Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга, 2007-2008 онд Улсын Дээд Шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2010 онд Тээвэр хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга, 2010-2014 онд “Бэрэн групп” ХХК-ийн Захиргаа, эрх зүйн газрын дарга, 2000 оноос Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрчаар, 2017 оноос Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байлаа. Түүний шударга хөдөлмөрийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд болон Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэв, Монгол Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Хийморь” одон, Монголын Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар тус тус шагнагдаж байсан юм. Б.Цогнямын Монгол Улсын хууль зүйн салбарт үзүүлсэн гавьяа, залуу үеэ халамжлан хүмүүжүүлж тусалж дэмждэг, эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, дундаршгүй ухаан, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
|