Мэдээ, мэдээлэл
|
Спортын Арбитраас анхны “Гавьяат Багш” цолтон төрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 172 тоот зарлигаар Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Монгол улсад орчин үеийн спорт үүсэж хөгжсөний 103 жил, Монгол улсад Гимнастикийн спорт үүсэж хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэнд Монгол Улсын биеийн тамир, спортын салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, төрийн дээд шагнал “ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ” хүртээлээ. Ч.Дарьсүрэн нь 2018 оноос одоог хүртэл Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа биеийн тамир, спортын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, биеийн тамир спортын салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, спортын арбитрчдыг сургах, мэргэшүүлэх болон спортын холбоодтой үйл ажиллагааг удаа дараа санаачлан спортын салбарт олон улсын жишгээр шинэ чиг хандлагыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан юм. Мөн тэрээр Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж, спортын болон допингийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд түргэн шуурхай, үнэн зөв байх зарчмыг үндэс болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бэлтгэх, тасралтгүй хараат бус, хөндлөнгийн зарчимаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна Монгол улсад Спортын төрөлжсөн арбитрыг бэхжүүлэх, таниулах үйлсэд онцгой гавьяа байгуулан ажилласан болно.
Ч.Дарьсүрэнд танд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хамгийн анхны “Гавьяат багш” цол хүртсэнд халуун баяр хүргэж цаашдын ажил үйлс, мэргэжлийн үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсье. |